Дархан-Уул аймаг Шарын Гол сумын Улсын сайн малчин Д.Шинэзориг
Манай малын тоо толгой одоо хоёр мянгад хүрч байна. Ноднин 2022 онд “Улсын сайн малчин” цол авсан. Мал маллаад 20 гаруй жил болж байна. Ах дүү нар болон дөрвөн хүүхдийнхээ хамтаар мал аж ахуйгаа эрхэлдэг. Би мал маллах арга ухаанд их багаасаа суралцсан. Миний нагац ах Ховд аймгийн Мөнххайрхан сумын сайн малчин Баттулга гэж хүн бий. Тэр хүнтэй хамт Ховд аймагт бага насаа өнгөрөөж, ахынхаа мал маллах эрдэм ухаанд дэргэдээс нь сурсан тулдаа өдий зэрэгт яваа гэж боддог.
Манайх гэдэг айл дөрвөн хошуу мал малладаг. Адуу, үхэр, хонь ямаа. Маллахад хамгийн их арчилгаа, хөдөлмөр шаарддаг мал бол эдэн дундаа ямаа. Ер нь хөдөлмөр, арчилгаа шаарддаггүй мал гэж бараг байхгүй дээ. Адуу л гэхэд чоно нохойноос үргэлж хамгаалж, харж хонохгүй бол болохгүй гэх мэт.
Өвөлжилтөд бэлтгэхдээ зун намартаа бэлчээрээ хамгаалаад, дөрвөн улиралдаа отор нүүдэл хийгээд малынхаа тарга хүчийг сайн тогтоох хэрэгтэй. Бас малынхаа тарилга вакциндаа тогтмол хамрагдах хэрэгтэй гэж боддог. Миний хувьд вакциндаа хамрагдах ёстой цаг хугацаандаа тогтмол хамрагддаг. Гэвч манай нутгийн хувьд малын эмч эмнэлгийн хүрэлцээ бага зэрэг тааруу. Суманд нэг л малын эмнэлэг ажилладаг.
Малчдад одоогийн байдлаар тулгамдаж буй хамгийн том асуудал бол бэлчээрийн асуудал. Малын тоо толгой замбараагүй өсөж, бэлчээр талхлагдаж, хомсдож байгаа. Тиймээс энэ тал дээр төр засгаас анхаарал хандуулаасай, мөн малчид өөрсдөө ухамсартай байж, цөөн тооны, ашиг шим өндөртэй мал өсгөж, маллаасай гэж боддог. Бас машин, мотоцикл гээд техникээр малаа хариулах асуудал их байна.
Энэ бол миний бодлоор хамгийн буруу зүйл. Яг л дээр үеийн уламжлалт аргаараа морио унаж малаа хариулах хэрэгтэй. Хүүхдүүддээ ч энийг их захидаг. Машин техникээр мал хариулах нь нэгдүгээрт мал тарга хүчээ авч чадахгүйд хүргэнэ, хоёрдугаарт бэлчээрийн өвс ногоо, ургамлыг сүйтгэнэ. Тиймээс энэ тал дээр мөн залуу малчид маань анхаараасай гэж боддог. Бас өглөө эрт сэрдэг байх нь малчин хүнд байх ёстой хамгийн гол чанар. Өглөө эртлэн босож, малаа бэлчээж бүх ажлаа амжуулж сурах нь цаашдаа сайн малчин болох хамгийн эхний алхам болно.