Архангай аймгийн Хайрхан сумын малчин Б.Балдан
Би 8-р ангиа төгсөөд л мал маллаж эхэлсэн. Үхэр, адуу, хонь, ямаа гэсэн дөрвөн хошуу мал малладаг. Манай нутаг зундаа сэрүүн, өвөлдөө дулаан сайхан нутаг. Уулс ихтэй, гол ус элбэг, мал маллахад тохиромжтой байгалийн тогтоцтой. Манайх намрын цагт хужир бараадан, өвөл цагт уул толгод, зун, хаврын цагтаа харин гол ус бараадан нутагладаг.
Одоогоор өвлийн бэлтгэлээ бүрэн хангаж, хадлан, өвс тэжээлээ бэлдсэн, өвөлжөөндөө буух л дутуу байна. Манайх өвөлжөөндөө 11-р сар гаргаж буудаг. Жил бүр уулаа бараадан нэг газраа өвөлждөг, заримдаа 30 гаруй км газарт хүртэл нүүдэллэж хаваржиж, зусах нь бий.
Энэ жилийн намрын байдлаас шинжихэд хүйтэн чанга өвөл болж, цас ихээр орох шинжтэй байна. Тиймээс малчдадаа захиж хэлэхэд өвөлдөө сайн бэлдэж, 11 сараас өмнө гэхэд өвөлжилтийн бэлтгэлээ дуусган, улирлынхаа вакцин тарилгыг бүрэн хийлгэсэн байвал өвлийг өнтэй давна. Мөн өвөлжөөгөө сонгохдоо уул толгод бараадаж нүүх, мөн хашаа хороогоо сайтар бэлтгэж янзлах хэрэгтэй. Малын вакцин тарилгын тухайд малчин бүр заавал малаа вакцинд хамруулах хэрэгтэй гэж боддог. Ингэснээр малын шимэгч элдэв хорхойг устгана, мөн халдварт өвчнүүдээс сэргийлнэ.
Манай аймагт малын эмч, эмнэлгийн хүрэлцээ хангамж харьцангуй сайн байдаг гэж боддог. Вакцин, тариа хийх ёстой цагтаа малын эмч нар ирж, тарилгаа хийдэг.
Залуу малчдадаа хандаж хэлэхэд уйгагүй хөдөлмөрлөж, хавартаа төлөө эндэгдэлгүй авбал мал аяндаа өсөж, өрхийн орлого ч аяндаа дээшилнэ. Хамгийн гол нь уйгагүй хөдөлмөр. Малчид бид байхгүй бол нүүдэлчин Монгол улс маань ахуй соёлоо алдана гэсэн үг шүү дээ.. Залуучуудыгаа бэлэн юм улсаас хараад суулгүй, ажиллаж хөдөлмөрлөж, малаа сайн өсгөж, баялаг бий болгоосой гэж боддог.