Би аав ээжийгээ дагаж багаасаа мал маллаж, дунд нь арваад жил мэргэжлээрээ ажиллан завсардаад, эргээд нутагтаа ирж малчин болсон. Одоогоор мянга гаран малтай. Манай нутаг бол говийн бүсийн, өвс ногоо тачир ургадаг, голцуу модлог ургамал ихээр ургадаг газар. Тиймээс манай нутагт тэмээ өсгөхөд илүү тохиромжтой байдаг. Би залуудаа бог мал малладаг байсан бол сүүлийн үед тэмээ голчлон маллаж байгаа. Манай тэмээний тоо толгой хоёр мянгад хүрч байсан ч үе бий. Тэмээ бол урт хөлийн амьтан. Отор нүүдэлд тохиромжтой, зуд турхнаар тэсвэртэй, хүнд хэрэггүй юмгүй, сүү цагаа нь амин дэмтэй, мах, өөх сайтай ноос ноолуур нь чанартай ээлтэй сайхан амьтан. Малыг гэнэтийн ямарваа нэгэн өвчнөөс сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэг, тарилгад тогтмол хамруулж байх хэрэгтэй.
Манай нутагт ихэвчлэн хувийн мал эмнэлгүүд ажилладаг ба малаа эхлээд үзлэгт хамруулж, дараагаар нь эмчийн заасан хугацаанд нь тарилгыг нь хийлгэдэг. Малыг зуны дэлгэр цагаас нь авхуулж тарга хүчийг нь сайн авхуулж, авсан тарга хүчийг нь тогтоох хэрэгтэй. Малчин хүний малд тавих анхаарал, цаг хугацаанд хязгаар үгүй байдаг. Төл байхаас нь эхлээд л жилийн дөрвөн улиралд малдаа анхаарч, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулдаг. Үүнийхээ хэрээр мал маань бидэнд ашиг шим ээ өгдөг дөө. Манай нутагт ноднин жилийн зун хүртэл гантай байсан. Бороо хур багатай, гантай жилийн өвөл нь ч мөн зуд болж, тарга хүчээ сайн аваагүй мал хоргодох аюултай байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд өвөл болохоос өмнө малынхаа тэжээлийг сайн нөөцөлж авах хэрэгтэй. Түүнчлэн мал өсөхийн хэрээр малчид хоорондоо бэлчээрийн газар булаацалдах асуудал их болж байна.
Тэр дундаа манай нутагт цөлжилт ихтэй байгаагаас үүдэн бэлчээрийн асуудал хурцдаж буй. Тиймээс энэ цөлжилтийн асуудлыг дорвитой арга хэмжээ авч шийдээсэй гэж хүсдэг. Би хүүхдүүдээ ч мөн малд дөртэй болгосон. Хүү маань аав ээждээ туслан мал маллаж, өөрөө мянгат тэмээчин болно хэмээн амлалт өгсөн байгаа. Малчин залуустаа хандаж хэлэхэд залхуурах гэдэг зүйлийг мартаж, бэлчээр нутгаа зөв сонгон, малыг төл байх цагаас нь эхлэн анхаарч, чанартай мал өсгөхийн тулд хичээх хэрэгтэй. Ганц төл байсан ч бүрэн бүтэн, эрүүл саруул өсгөж бойжуулахын тулд анхаарч чадвал тэр хэрээр чанартай мал өсгөнө гэсэн үг. Малтайгаа зөв харьцаж чадвал малын ашиг шимийг аяндаа хүртдэг шүү гэж захимаар байна.