Би 30 гаруй жил мал маллаж байна. 500 гаруй малтай. Өнгөрсөн жил улсын аварга малчнаар тодорсон. Манай нутаг бол мал маллахад тохиромжтой, уул ус сайтай сайхан нутаг. Өвөлдөө харин чанга, цас их унадаг, цасан шуурга их болдог. Тийм ч учраас өвөлжилтийн бэлтгэлдээ онцгойлон сайн анхаарч, өвөлдөө маш сайн бэлдэх хэрэгтэй болдог.
Манайх одоогоор өвөлжөөндөө арай буугаагүй ч хадлан, өвс тэжээлээ хангалттай сайн бэлдсэн байгаа. Хадлан тэжээл гэхэд 2-3 машин тэжээл бэлдсэн байгаа. Харин өвөлжөөндөө энэ сарын 25 гаргаад буухаар төлөвлөсөн байгаа.
Малын эмч, малын эмнэлгийн хүрэлцээний хувьд манай нутаг хүрэлцээ бага. Манай багт гэхэд нэг л эмнэлэг байдаг.
Гэсэн хэдий ч манайх малаа цаг тухайд нь бүх вакцин тарилгад нь хариуцлагатайгаар хамруулдаг. Вакцин тарилга бол ер нь эрүүл мал өсгөхөд чухал зүйлсийн нэг шүү дээ.
Одоогийн байдлаар манай улсын малчдад тулгарч байгаа хамгийн том асуудал бол бэлчээрийн асуудал гэж боддог.
Манай нутагт ч бэлчээрийн даац хэтрэх, малчид бэлчээрээ булаацалдах тохиолдол их. Энэ талаар манай малчид нутгийн удирдлагаас ямар нэгэн аргаар зохицуулж өгөхийг хүсэх нь их байдаг. Гэхдээ миний бодлоор байгаль уул усаа хайрлаж хамгаалах, ойр ойрхон нүүдэллэх гээд бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байхын тулд малчид л өөрсдөө хамгийн сайнаараа хичээж, энэ бүх асуудлыг шийдэж болох юм шиг санагддаг. Бас хэт олон биш, чанартай мал өсгөж, маллах нь хамгийн чухал. Тиймээс малчдадаа хандаж хэлэхэд бэлчээр нутагтай холбоотой асуудалд өөрсдөө шийдэж болох бүхий л гарц гаргалгааг хайж байгаарай гэж захимаар байна.