Би 1973 оноос эхлэн таван хошуу малаа маллаж байна. Одоо 1000 гаруй малтай.
Малыг жилийн 4 улирлын турш тордож, арчилгаа, хариулга сайн байж, мал эрүүл байна.
Зуны улиралд хонио эрт ноосолж, хэвтэр бууцыг нь сайн цэвэрлэх нь тарга авахад нэмэртэй. Намрын салхинд хонь тогтуун байх нь ховор тул дагаж, сайн хариулдаг. Өвлийн улиралд тэжээл бордоог нь сайн өгнө.
Хаврын хахир цагт төл малаа хүлээж авах нь хамгийн том ажил байдаг. Энэ үеэр хурга, ишиг энд тэнд унтаж үлдэх, төллөсөн мал төлөө голоод хээр орхих асуудал байдаг тул малаа сайн нүдэлж хариулах шаардлагатай.
Малчдын хувьд хамгийн чухал асуудал бол бэлчээр байдаг. Ус, ургамал сайтай газар нүүдэл хийхийг боддог. Ингэхдээ. Нэг газраа олон малтай удаан суурьших нь бэлчээрийг сүйтгэдэг тул ойр ойрхон отор нүүдэл хийж бэлчээр тахлагдахаас сэргийлдэг.
Өвлийг өнтэй давахын тулд намар хадлан, тэжээлээ сайтар бэлдэнэ. Ингэхдээ өвсний чанарыг алдагдуулахгүйн тулд бороонд нэвт норохгүй том нягт нурууг босгодог.
Сүргийнхээ түүхий эдийн гарц үр шимийг нэмэгдүүлэхийн тулд сүргийг сайтар хариулж, тарга тэвээрэг авахуулахыг чухалчилдаг. Мөн аль болох тааваар нь дуртай бэлчээрт нь бэлчээх хэрэгтэй.
Залуу малчиддаа хандан хэлэхэд малаа гэсэн чин сэтгэлтэй байж, хайрлаж хариулаарай гэж захья.