Манай Замын-Үүд сум нь Эрдэнэ сумаас 1990-ээд онд тасарсан. Бэлчээр гэж бараг байхгүй, маш жижигхэн хавчигдмал газар, тал талруугаа 10 гаруй км. Говийн нутагт Хангай шиг малаа өвөл хашчихаад өвс хаяж өгдөггүй. Малчдад эзэмшсэн нутаг, өвөлжөө, хаваржаа гэж байдаггүй, нүүдлээр малаа маллана. Өвөл хаана зайтай газар байна тэндээ гэрээ бариад өвөлжинө. Манайх нутаг орныхоо 10 гаруй туслах малчны тусламжтай малаа маллана. Дийлэнх нь Эрдэнэ сумын айл, Улаанбаатараас ирсэн айлууд бас бий. Эцэг эхээсээ өвлөсөн малын үр төл өссөөр байгаар 5000 орчим болсон. Дийлэнх нь бог, 500 орчим бод малтай.
Дээрх үеийнх шиг говь нутагт өвс сөл ургахаа больсон тул өвсийг Хангайн аймгуудаас авна. Нэг боодол өвс 10,000 төгрөгөөс эхэлнэ, өвөл цас их орвол 16000 төгрөг хүрнэ. Цасан шуурга, зуд турханд малаа хил давуулж алдах нь энүүхэнд.
Төр засгаас малчдын асуудлыг цогцоор авч хэлэлцэж, мах, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого гэж алга. Гаднаас орж ирж байгаа малын эм, тарилгад тавих стандарт, шалгуурыг сайжруулж, лабораториор шинжлэх хэрэгтэй байна. Учир нь хавар хээлтэй мал элдэв вакцин тарилгыг даахгүй үрэгдэх нь олон.
Сүү, цагаан идээгээ Замын-Үүд орж борлуулдаг байсан бол коронвирусээс үүдэн ноднингоос сумын хил хаасан тул цагаан идээгээ борлуулж, хүнс бараагаа авч чадахгүй, төв орох гэж баахан бичиг баримт хөөцөлдөх нь малчдад ихээхэн чирэгдэл учруулж байна. Үүнээс болж хүнс, барааны үнэ нэмэгдэж байна. Төвийнхөн ч цагаан идээгээ идэж чадахгүй байна.