Би 1989 оноос хойш мал маллаж байна. Бэлчээрийнхээ даацад тохируулаад тоо толгойг нь хэт өсгөхдөө 1000 орчимд барьж байна. Манай нутагт энэ жил бороо хуртай элбэг, зуншлага сайхан болж, өвс ногоо ч их сайхан гарлаа.
Малынхаа мах, сүүний гарцыг арвижуулахаар эрлийзжүүлж үзсэн. Манай нутаг өвөлдөө их хүйтэрдэг, эрс тэс уур амьсгалтай болохоор эрлийз мал хүйтэнд тэсвэр муутай байдаг юм байна лээ. Хониндоо хар, улаан хуц тавьж сайжруулж үзсэн, нутгийн хоньтойгоо харьцуулахад төлөг гэхэд 3-5кг- махны зөрүү гарч байсан. Манай аймгийн мал эмнэлэг үржлийн бодлого нь Сартуул үйлдвэрийн хонийг ноосны чиглэлээр байлгах сонирхолтой.
Сүүлийн жилүүдэд өвс муу ургаж байгаатай холбоотой манай сумынхан сүүлийн 2 жил чамгүй эрчтэй хадлан, голцуу овьёос тариалж байна. Энэ жил 300 гаруй га-д тариалсан гэсэн. Өнгөрсөн жил 600 боодол өвс, 2 тонн хивэг, 1 тонн буудай авч өвлийг давсан. Боодол өвсний үнэ 9500 төгрөг орчим, өвөлдөө 13000 хүрдэг юм.
Малынхаа эрүүл мэндэд анхаарч, хаврын тарилга туулгадаа тогтмол хамруулна. Хувийн мал эмнэлгүүдтэйгээ тухай бүрт цаг тохироод нь хамруулчихдаг болохоор их амар.
Манай сумынхан отор, нүүдэл хийж алс явахгүйгээр сум дотроо бэлчээрээ ойр ойрхон сэлгэнэ. Зундаа 4-5 удаа нүүнэ.
Говь нутгийн хөрс нь зөөлхөн учраас амархан талхлагддаг. Манай сумд Завханы говийн сумын малчид ихээр оторлодог.
Сүүлийн үед манай нутагт адуу их өсөж байна. Мал өсөх нь сайхан л даа гол нь урт хөлийн мал богино хөлийн малын бэлчээрийг их тахлах юм. Малчид хонь хариулахаар өдөр тутам дагаж хариулахыг төвөгшөөгөөд бод малаа өсгөж байгаа нь бэлчээрийг тахлагдахад хүргэж байна Энэ нь байгалийн хадлангаа авахад ч хүндрэл учруулдаг. Бэлчээрийн даацад тааруулж малаа өсгөвөл малчдад маань ч амар.
Өвс ногооны гарц сайн байхаар туурайн зуд болох вий гэж айх юм. Би хувьдаа отор нүүдэл хийхийг буруу гэж боддог. Тухайлбал, манай сумд өвсний гарц сайн байлаа гэж бодоход бэлчээрийнхээ даацыг хэтэртэл малаа өсгөчихсөн бусад сумын малчид ирээд тахлаад, туурайн зуд үүсгээд байдаг хүндрэл бий. Өөр өөрийнхөө нутаг дэвсгэр дээр, бэлчээрийнхээ даацад тохирсон малаа үржүүлээд байвал бэлчээр тахлагдах нь харьцангуй гайгүй болов уу.