Би 35 жил тэмээ малласан. Анхны илгээлтээр Баянхонгор аймагтаа ирж тэмээчин болж байлаа. Залуу байхад байхад манай тэмээний тоо толгой 450-д хүрч байсан. Одоо нас өндөр болоод, мал маллахаа больж, малынхаа түүхий эдээр гар урлалын бүтээгдэхүүн хийх болсон.
Манай нутаг бол тэмээний орон, тэмээнийхээ тоо толгойгоор улсдаа гуравдугаар байранд ордог. Манайд голцуу модлог ургамал, заг гэх мэт ургамлууд элбэг ургадаг. Гэвч сүүлийн үед цөлжилт эрчимтэй явагдаж байна. Малчид, иргэд маань байгаль эхтэйгээ зүй зохисгүй харьцаж, машин техникээр сүйтгэж байгаагаас болоод олон ургамлын төрөл зүйл устаж буй. Тухайлбал, Цагаан гоёо гэх тэмээний иддэг нэг зүйл ургамал байсан ч одоо манайд ургахаа больсон. Байгаль, ургамал нь байхгүй бол малгүй болно гэсэн үг шүү дээ. Харин мал үгүй болбол монголчууд бид юу идэж амьдрах билээ.
Тэмээ гэдэг амьтан бол эрт дээр үеэс л монголчуудын ганц унаа байсан, тайван дөлгөөн, ашиг шим арвин буянтай сайхан мал. Тэмээгээ сайн өсгөж, арвижуулъя, буян хишгийг нь хүртье гэвэл ботго байхаас нь л хүүхэд шиг арчилж, тордож, эрхлүүлж хайрлаж өсгөх хэрэгтэй дээ. Тоонд бус чанарт анхаарч, малыг мөнгө гэж харах бус, амьд амьтан гэдгээр нь хараасай л гэж хүсдэг. Өвөл хаврын цагт мал хорогдуулахгүйн тулд нутгийнхаа онцлогийг сайн мэдэрч, нүүж сууж байх хэрэгтэй. Залуу малчиддаа хандаж хэлэхэд малдаа хайртай байгаарай, малаа хайрлана гэдэг эх орноо хайрлаж байгаагаас өөрцгүй шүү гэж хэлмээр байна. Малаа сайн хайрлавал малын буян, ашиг шим булаг шиг л ундардаг юм шүү.