Би 40 гаруй жил мал дагаж амьдарч байна. Манайх удам дагасан малчин айл. Аав маань 1955 онд улсын аварга малчин, аймгийн хошой аварга, сумын 19 удаагийн аваргаар шалгарсан, хөдөлмөрч, холч ухаантай хүн байсан. Бид эцэг, эхээс арваннэгүүлээ, үүний долоо нь малчин. Манай Дуут суманд 3 мянгат малчин бий. Тэр нь манайх, миний хоёр дүүгийнх. Отгон дүү маань аймгийн хошой аварга, дунд дүү маань сумын сайн малчин. Манайх одоо 2400 орчим малтай. Аав маань малаа өглөө эртлэн бэлчээж, орой хотлуулдаг, эзэнгүй хаяхгүй байнга хажууд нь бай, үргээж цочоохгүй тогтуун сайн хариул гэж захидаг сан. Малчин хүн бол дөрвөн улирлын турш өвөлд малаа бэлддэг.
Малаа үс, ноосноос нь эрт салгах, зөв хариулах, бэлчээр, бууц, ус хужир гээд бүгдэд нь анхаарч байж малын маллагаа сайжирч, өвөлд бэлэн байна. Манай нутагт нэмэлт тэжээл гэж авдаггүй, хадсан өвсөөрөө л өвлийг давдаг. Маллагаа сайн байж, тарга тэвээргийг хангалттай авахуулбал мал дөрвөн улиралд сэргэг байдаг. Өндөр уулын бүсэд, өвс ургамал тачир, эрс тэс уур амьсгалтай, шуурга ихтэй учраас отор нүүдлийн малчид манай нутагт ирээд байдаггүй. Цаг агаар, цас шуурга, нохой шувуу гээд эрсдэл их тул малчид бидэнд амралт гэж байдаггүй өдөр шөнөгүй л байгаль цаг ууртайгаа үргэлж тэмцэж л амьдардаг улс.
Ардын аж ахуйтан болсноос хойш мал замбараагүй өссөн, үүнийг дагаад бэлчээр тахлагдаж, өвс тэжээл нь ч хомсдож байна. Амьдралаа л болгож байвал, мянган малын төлөө зүтгэх нь утгагүй, өөрийнхөө хүн хүчнийхээ боломжид тааруулж малаа өсгөх хэрэгтэй. Залуустаа захиж хэлэхэд өөрийнхөө гэдсийг цатгадаг шигээ малынхаа гэдсийг цатгах хэрэгтэй. Эрт босоод малаа гаргачихдаг, орой хотлуулдаг хүн л малтай байна.