Сайн малчны зөвлөгөө
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн малчин Ш.Хас-Эрдэнэ
Манайх хонь, адуу голлон малладаг. Энэ жилийн хувьд 2500 гаруй мал маллаж байна. Манай нутагт баруун болон төвийн бүсийн аймгуудын отрын малчид их ирдэг. Малынхаа эрүүл мэндээ анхаарч угаалга, тарилгаа тогтмол хийлгэдэг. Манайх 2 туслах малчин айлтай. Өвөлжөө, зуслан, намаржаандаа 20 км дотор л нүүдэг.
 
Малаа чанаржуулах тал дээр үзэмчин хониор, ноолуурын чиглэлийн Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямаагаар бог малаа эрлийзжүүлж байна. Үзэмчин хонь монгол хоньтой харьцуулахад нэг нуруу өндөр буюу илүү нуруутай.
 
Зундаа малаа өдөрт 1-2 удаа ханатал услах, мөн хурга ишиг имнэх ажлыг өт хорхой гарахаас өмнө хийх шаардлагатай. Халуун нартай, чийггүй өдөр өглөө сэрүүнд эрт бэлчээж, үдийн нарны илч хурцдах үед усанд ойртуулж, зүлэг ширэгтэй, сэрүүн газар бэлчээвэл мал сайн тогтоно.
 
Бэлчээрээ ойр ойр сэлгэж, ногооны соргогийг сонгон идээшлүүлж махлуулан таргалуулах хэрэгтэй. Намар цагт ус хужиртаа ойр бэлчээвэл сайн.