Сайн малчны зөвлөгөө
Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн малчин Ш.Лхагвасүрэн
Би 40 гаруй жил мал маллаж байна. Манайх хүн хүч цөөтэй болохоор сүүлийн жилүүдэд малынхаа тоо толгойг цөөрүүлж, чанарт анхаарч, одоо мянга орчим мал маллаж байна. Чанаржуулах үүднээс
Баян-Өлгий үүлдрийн ууцан сүүлт хуцыг авчирч хониндоо тавьж эрлийзжүүлж байна.
 
Манайх Буян-Өндөр хоршоонд нэгдээд олон жил болж байна. Арьс шир, ноос, ноолуур түүхий эдээ хоршоогоор дамжуулж борлуулахаар амар байдаг юм.
Эндхийн мал эмнэлгийн үйлчилгээ их сайн болохоор малын элдэв халдварт өвчин гараад байдаггүй. Угаалга,тарилга туулгад хавар тогтмол хамруулна.
 
Өвлийг өнтэй давахын тулд бууц, хэвтрийг хөлдөхөөс сэргийлэх, бууц бөөгнүүлэх, хот хороогоо дулаалах ажлыг есдүгээр сараас эхэлнэ. Малаа тэнхрүүлэх, үс ноосыг нь ургуулах, тарга тэвээрэг сайн авахуулахын тулд хужир өгөх чухал. Говь нутагт бэлчээр талхлагдаж, элсний нүүдлээс болж өвс ургамлын гарц муудаж, хамхуул, хогийн ургамал их ургах болж. Тиймээс залуус малынхаа чанарт анхаармаар байна. Тоог хөөх нь орчин үед ямар ч ашигггүй болж байна.
 
Одооны залуус мотоциклоороо малаа эргүүлж, хөөчхөөд гэр рүүгээ яардаг. Мал нь ч тогтож байгаа ч юм алга. Тиймээс аль болох малаа эрхтэн бэлчээрт гаргаж, орой хотлуулж, мориороо тогтуун сайхан хариулахыг залуу малчдадаа зөвлөж байна.