Би 1975 онд Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн Илгээлтийн эзэн гэж мал аж ахуйд гарсан хүн дээ. Тэр цагаас хойш тасралтгүй мал маллаж байна. Манайх таван хошуу малыг бүгдийг нь малладаг байсан. Бэлчээр талхлагдаж, даац хэтэрч байгаагаас үүдэн чанартай цөөн мал маллахаар шийдэн дөрвөн жилийн өмнөөс бог малаа цөөлж зөвхөн үхэр, адуу маллаж эхэлсэн. Дулаан өвөлжөөний хашаа барьж, хэвтэр бууц, өвс, тэжээл бэлдчихвэл бог малыг бодвол бод хариулга багатай, хүн хүч цөөтэй айлд биед амар. Бод малд ус, хужир, хэвтэр гурав их чухал. Манайх одоогоор 100-аад адуу, Сүү махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн 140-өөд Улаан халзан үхэртэй.
Сүүгээ үйлдвэрүүдтэй гэрээ хийчихдэг сүүгээ тушаачихдаг. Ганцхан өвөлд бэлдэнэ гэж малыг торддог юм биш, жилийн 4 улиралд л маллагаа хариулгыг тохируулж байж л мал өвлийг өнтэй давна шүү дээ. Малын тоо толгой хөөх бус чанарыг л эрхэм болгож мал маллах хэрэгтэй байна. Бэлчээр хөрсний даац дийлэхээ ч байлаа. Малчдын хувьд тэр болгон малаа цөөлөөд байх нь хэцүү л дээ. Тиймээс малыг эрлийзжүүлэхэд чанаржуулах, мах сүүний гарцыг нэмэгдүүлэхэд төр засгийн бодлогын дэмжлэг их чухал байна. Төр, засгаас яриад байх болохоос биш малчдын амьдралд бодитой үр шимээ өгсөн бодлого шийдвэр алга л байна шүү дээ. Малын үр шимийг нь нэмэгдүүлэхийн тулд зүгээр нэг өвс хаяж өгөх биш өвс тэжээлийг чанаржуулах, нэмэлт тэжээл, витамин, тарилгаар эрүүлжүүлэх зэрэг асуудлууд маш чухал.