Сайн малчны зөвлөгөө
Баянхонгор аймгийн Жинст сумын 4-р багийн малчин Л.Болдбаатар
Би 28 жил мал маллаж байна. Энэ жилийн хувьд манай нутагт өвсний гарц муу байсан тул отрын бүсээр явлаа. Манайх ихэвчлэн нутаг дотроо оторлодог энэ жил 1000 гаруй км туулж, Хэнтий аймгийн ХэрлэнБаян-Улааны аймаг дундын отрын бүсэд өвөлжлөө Энд Дорнод, Архангай, Булган, Ховд, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Завхан гээд бүх л аймгийн малчид оторлодог юм байна. Бүгд “нутгийг гүйцэх газар алга” гэлцэнэ.
 
Ойрын хэдэн жилд үзэгдээгүй, цас ихтэй, зутруу өвөл боллоо. Хохиролгүй юм гэж хаана байх вэ, малын тоо толгой ч багагүй хоргодлоо. Манай малын тоо 2008 онд 2000 хүрч мянгат малчин болж байсан юм. Тэндээс хойш цаг агаар ширүүсэж, газрын гарц муу байгаа тул сувайруулж, ээлжээр төллүүлэх байдлаар тоо толгойг маллаж чадах хэмжээндээ барьж, олшруулалгүй, чанарт нь анхаарч байна. Сүүлийн жилүүдэд зүүн аймгаас хуц, ухна авч малдаа байна .Манай аймаг гэхэд Бөмбөгөрийн улаан, Залаа дээлт, Байдраг гэсэн хонины 3 омогтой. Үхрээ гэхэд Сэлэнгийн сүүний Улаан халзан сарлагаас 3-4 удаа бух авч хээлтүүлж үзсэн. Одоо төв аймгийн махны үүлдрийн хар тарлан бух авсан.
 
Би хэдэн жилийн өмнө Өвөр Монголд очиж мал маллах арга туршлага судалж байсан юм. Бэлчээрээ хашиж, эрчимжсэн мал аж ахуйгаа газар тариалантай, хослуулж, таван хошуу малынхаа ашиг шимийг нь нэмэгдүүлж байгаа нь авууштай санагдсан.
 
Говь нутагт өвөлжөө, хаваржаанд салхины нөлөөгөөр элс их чигждэг тул бэлчээрийг доройтохоос сэргийлэх нэг арга нь бэлчээр хаших байдаг. Бэлчээр талхлагдахаас сэргийлж 2014-2018 онд хаваржаа орчмынхоо бэлчээрийг хашиж үзсэн. Манай аймгийн 2-3 сум энэ аргыг туршсан. Тодорхой хэмжээнд бэлчээрээ хашиж, элсний нүүдлийг хааж, мод, бут тарих байдлаар бэлчээрийн менежмент хийх нь хавар мал төллөх, зутрах үед их үр дүнтэй санагдсан. Малчид хоорондоо хэлэлцээд, нутаг дэвсгэрийн засаг захиргааны удирдлагад хүсэлт тавиад зохистой хэмжээнд хашихад зүгээр юм байна лээ. Манайд бэлчээр хашиж болно болохгүй гэснэ хууль байхгүй ч иргэд дургүйцээд байхаар нь буулгачихсан. Бэлчээрийг хашсан аймгууд хаа сайгүй тааралддаг юм билээ.
Би гурван сум дагнасан “Эрдэнэт Адуун сүрэг” гэсэн хоршооны тэргүүлэгч гишүүн. Хоршоо их ашигтай, зээлээр өвс тэжээлээ авчихна, түүхий эд, малынхаа бүтээгдэхүүнээ хоршоондоо тушаана, мэдлэг мэдээлэлд ойр их амар байдаг юм. Энэ жил оторт яваад хоршооноосоо холдчихсон мэдлэг мэдээллээс хол байлаа. Гурван аймаг дамнан хол оторлож, хүүхдүүд, хэдэн малаа зүдрээж байгаад л буцах шинжтэй. Нэгийг ухааруулж, олныг бодогдуулсан өвөл боллоо. Нутаг буцаж бэлчээрээ хашиж, элсний нүүдлийг зогсоон, худаг гаргаад, овьёос тэжээлээ тариад нутагтаа л амьдаръя гэсэн туршлага суулаа даа.
 
Залуу малчиддаа хандаж хэлэхэд цагийн хатууд эртэч, ажилч, хичээнгүй, сүйхээтэй л байхгүй бол хуучных шиг амар мал малладаг үе өнгөрчээ.