Сайн малчны зөвлөгөө
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн малчин С.Нэргүй
Би дөрөвдүгээр ангиа төгссөнөөс хойш 40-өөд жил мал маллаж амьдарлаа. Өвлийн цагт бог мал дандаа уруудах гээд байдаг тул үргэлж сөргөж л хариулж, хариулгыг сайжруулах ёстой гэж боддог. Өвөл жавар голцуу баруун хойноосоо байдаг тул салхи өөдөө сөрж хариулах учиртай.
 
Манай нутаг тал хээрийн бүс учраас аргал, хөрзөнгөөр малынхаа хороогоо барьж өндөрлөж, хотыг нь дулаалдаг. Хэдий чинээ хөрзөн өндөр байна хонины хороо төдий чинээ дулаан байдаг. Өвлийн бэлтгэл намраас эхэлнэ. Хүйтэнд түлэх түлээгээ бэлдэнэ, малынхаа өтөг бууцыг хураагаад үхэр бяруундаа дэвсэнэ, малд өгөх өвс, тэжээл, хужир, давсаа бэлдэж нөөцөлнө.
 
Зун ноосыг нь авсны дахаа хонио угаалгад оруулна, бүх малаа тарилга туулгад товлолт хугацаанд хамруулж, 5 хошуу малдаа мал эмнэлгийн бүхий л үйлчилгээг хийлгэдэг. Усны цэнгэг, өвсний соргогийг малдаа идүүлэхээр сум дотроо 30 км орчимд байнга отор нүүдэл хийнэ. Малчин хүн хөдөлмөрлөж чадвал манай нутаг ээлтэй сайхан.