Би 1993 оноос мал бараадаж, 27 жил мал маллах явцдаа л малчин арга ухаанд суралцсан. Сүүлийн жилд манай нутагт өвс ногооны гарц муу байгаа учир багийн маань хэдэн малчид бүгд отор нүүдлээр яваад өгсөн. Байгалийн жамаа дагаж л голцуу отор нүүдлээр малаа хариулдаг. Өвөлжилт хүндхэн болох төлөвтэй тул намар нутгаасаа гарсан, 400 км-ийн зайтай Алтай суманд оторлож явна.
Олон жил мал маллаж буй хүмүүс нь түрүүлээд өвөлжөө, хаваржааг эзлээд авчихдаг тул залуу малчдад өвөлжөө, хаваржааны газар асуудал болоод байх шиг байна. Зуны дэлгэр, намрын налгар цагт бол асуудалгүй, харин өвөл, хаврын цагт хэцүүхэн санагддаг юм.
Мал маллахад хамгийн чухал зүйл бол хавар зунд тарга тэвээрэг сайн авахуулах юм. “Өвлөөс урьтаж туранхай мал хэд байна, тэжээх малынхаа тоог гаргаад, тэжээл, бэлдмэл авах зэрэг бэлтгэлээ базаана. Давс, хужир тогтмол долоолгоно мөн малынхаа хороо, бууц хэвтрийг байнга хуурай, дулаан байлгахыг чухалчилдаг.”
Сүүлийн үед мал сохор догол, сахуу зэрэг өвчин тусах нь харьцангуй багасаж байгаа нь тарилга туулгадаа цаг хугацаанд нь хамруулж, эм танг сайн өгч, малынхаа эрүүл мэндэд анхаардаг болсонтой хамаатай. Малын вакцины дийлэнхийг нь төрөөс үнэгүй хийж өгдөг, цөөн төрлийн вакциныг бид өөрсдөө төлдөг. Үнэ нь ч боломжийн байдаг юм.