Сайн малчны зөвлөгөө
Хэнтий аймгийн Мөрөн сумын малчин Д.Цагаан-өвгөн
Мал харах, хариулах гэдэг нь хоёр ондоо ойлголт. Одоо би 60 гараад хариулахаас илүүтэй хардаг л ажилтай болоод байна. Анхандаа тэмээ хариулдаг байгаад 1984 оноос эхлэн бог мал маллаж эхэлсэн. Хөдөлмөрлөж чадсан, малдаа өөриймсөг, энэ нь хөөрхөн, тэр нь сайхан гэж хандаж малласан хүний мал өсдөг. Малчин хүний хувьд ирэх улиралдаа нэг улирлын өмнөөс бэлдэх ёстой. Хавар төлөө аваад, ногоо ургасан цагаас өвлийн бэлтгэлийг хийнэ. Бэлтгэл малдаа махан тарга авахуулахаас эхэлнэ. Ингэхийн тулд яргуй ихтэй газар малаа хариулна. Хонь, бог мал хариулж байгаа хүн махан таргаа сайн авахуулж байж өвлийг өнтэй давна. Яргуйлсан хойноо, ногоо цухуйсан газар бэлчээнэ, мөн давс хужрыг нь тааруулж өгнө.
 
Ингээд зунаас намар хүртэл мал өөхөн таргаа авдаг. Ер нь эцэнхий мал нар шингээгүй байхад л өвөл хотондоо орж ирдэг бол тарга тэвээрэг нь гүйцсэн бүрий болтол бэлчсээр нар шингэсэн хойно хотондоо ордог.
 
Залуу байхдаа тэмээн тэрэг, хөсөг тэрэгтэй отор нүүдэл их хийдэг байлаа. Нэг нутагт долоо хонохгүй л нүүдэг байлаа. Нэг нутагтаа байгаад байвал мал сэргэхгүй, бэлчээрийг сайн сэлгэж байж мал сэргэг байна. Хол нүүхгүй ч ойр ойрхон нүүж бэлчээр сэлгэсэн, хэвтээгүй хэвтэрт хэвтсэн мал тарга авдаг. Хавар төл гарсны дараахан малаа вакцин, туулгадаа хамруулна. Манай баг нэгдлийн үед ажиллаж байсан туршлагатай эмчтэй. Вакцин, туулга, тарилгыг ирсэн цаг хугацаанд нь манай эмч авчирч бидэнд үйлчилдэг. Өвс бараадан яваа отор нүүдлийн малчдаа нүд үзүүрлэхгүй, бие биенийгээ хөөж туухгүй, хүйтэн өвлийг дэм дэмээрээ эв эетэй давж, сайхан өвөлжөөсэй гэж захья.