Би 25 жил мал маллаж байна. Орчин үед бог малын хариулга суларсан нь харагддаг, малаа хээр орхичхоод мотоциклоор нэг эргүүлсэн болдог. Дээр үе шиг нар жаргахад малаа хотноос гаргаад нар шингэхтэй зэрэгцэн хотондоо авчирж, явж хариулахаа больсон байна лээ. Тогтуун малласан мал тарга тэвээргээ их сайн авдаг. Өвөл, хаврын цагт давс хужрыг нь сайн тавьж өгч, хүйтэн цагт бог малыг зөөлхөн, орой үдэш тогтоож байхад мал тогтуун сайхан байдаг.
Манай нутагт энэ жил газрын гарц сайнгүй болохоор Дорноговь аймгийн Алтанширээ суманд ирж оторлож өвөлжиж байна. Алтанширээ сумынхан хүн чанар сайтай улс байдаг юм байна.
Бэлчээрийн доройтол явагдаж байгаа өнөө үед сүргийн бүтцээ чанаржуулж, эрүүл, таваарлаг малтай байвал өөрт ч амар.Үхэр, ямааны хувьд сүү эсвэл махны чиглэлийн гэх мэт ашиг шимийг нь эргэлтэд хурдан оруулахаар тооцож маллавал зүгээр. Тоо олон болох тусмаа талын чанар муудах тал бий. Эцэг малыг аль болох хол нутгаас авчирж, малаа чанаржуулж байх хэрэгтэй.
Зүүн аймгийн үзэмчин үүлдэрийн хониноос эцэг хонь авчирвал тарган сайхан болгодог. Манайх 1800-аад бог малтай. Бод мал 300 гаруй бий. Малынхаа хороо, хэвтрийг сайн дулаалж янзалж, малаа өвс дагуулж хариулаад байвал өвөлдөө тарган тавтай орно. Мөн хужир давсыг сайн өгөх хэрэгтэй. 5-6 хотоороо найз нөхдөөрөө нийлээд оторлодог Малынхаа эмчийн заавраар ногооны хордлого, татуу болон янз бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх тарилга, туулга, угаалгаа цаг тухайд нь хийлгэнэ.
Шүлхий, цэцэг гэх мэт халдварт өвчний вакциныг отор нүүдлээр явж байхдаа, нутаг ус харгалзахгүй хийлгэх боломжтой гэсэн. Мөн малыг хамуурахаас сэргийлж Тосонбут гэх ургамлаар утдаг.