Сайн малчны зөвлөгөө
Дундговь аймгийн Өлзийт сумын нэгдүгээр багийн малчин Б.Насан
Би 40 гаруй жил мал маллахдаа сүүлийн жилүүдэд малын тоо биш чанарт түлхүү анхаарахыг хичээж байна Манайх тэмээ голлон малладаг, 700 гаруй тэмээтэй, бэлчээрийн даац хүрэлцэхгүй болохоор 200-аад бог үлдээгээд бусдыг нь цөөлчихсөн. Бог малын арьс, нэхийг түүхий эдийг ченжүүд хүртэл авахаа байсан болохоор хөгшин маань жилд 20-30-ыг элдэж, хүн амьтанд үстэй дээл, ханцуйвч хийж өгдөг. Манай эцэг эх малчин хүмүүс байсан. Манайх гурван хүүхэдтэй айл, гурвуулаа малчин. Эртэч байж, залхуугүй хөдөлмөрлөөд л амьдарвал амьдрал аяндаа болдог юм. Би одоо 68 хүрч байна, зүгээр сууж ер чадахгүй.
 
Бэлчээрийн даац хэтэрсэн, бэлчээр муудсан энэ цагт малчид маань малынхаа тоо толгойг чухалчлахгүй эрүүл мэнд, чанарт л анхаармаар байгаа юм. Үр ашгаа өгдөггүй олон малтай байхаар ашиг шим
сайтай цөөн малтай байвал малчид бидэнд ч амар. Малаа чанаржуулахын тулд туулга, тарилга, угаалгад сайн хамруулна. Шүлхий, бруцеллёз өвчнөөс сэргийлэх вакцин, шир хорхойноос хамгаалах угаалгаа товлолт хугацаанд тогтмол хийлгэнэ. Сэрүү унахаас өмнө малынхаа ч тэр, өрхийнхөө ч тэр бэлтгэлээ сайтар базаавал айхтар зуд, гамшиг тохиохгүй л бол бусдаар хөдөөний амьдрал амар амгалан сайхан шүү дээ.