Би багаасаа аав, ээжийгээ дагаж мал малласан. Мал маллаад бараг хорин тав гаруй жил болж байна. Манайх голцуу хонь ямаа, үхэр малладаг. Одоогоор бараг мянга орчим малтай.
Манай Баянлиг сум нь аймгийнхаа зүүн захын сум говийн бүсэд багтдаг эрс тэс уур амьсгалтай, өвс тэжээл сийрэг ургадаг нутаг. Тиймээс бэлчээрийн доройтол сүүлийн жилүүдэд санаа зовоох асуудал болоод байна.
Малчдын хувьд хамгийн чухал асуудал бол бэлчээрийн талхагдал шүү дээ, манай нутагт ч мөн адил. Тиймээс аль болох ус, ургамал сайтай газар нүүдэллэхийг чухалчилдаг.
Нэг газраа удаан суурьших нь бэлчээрийг сүйтгэдэг тул ойр ойрхон отор нүүдэл хийж бэлчээр талхагдалаас сэргийлдэг.
Мөн малынхаа эрүүл мэндэд анхаарч, хаврын тарилга туулгад тогтмол хамруулах нь малын аливаа халдварт өвчнөөс сэргийлэх, малаа эрүүл байлгах үндэс байдаг. Эрүүл малаас эрүүл төл авна шүү дээ.
Хүн хэдий чинээ малдаа сэтгэл гаргаж чадна, мал нь тэр хэмжээгээрээ өсдөг гэж боддог. Зөвхөн мал маллах ч гэлтгүй хийж байгаа бүх зүйлдээ хүн хэдий хэмжээний сэтгэл гаргана тэр хэмжээгээрээ хийсэн зүйлийнхээ үр шимийг хүртэнэ. Тууштай л байж чадвал малын буян их ирдэг дээ