25 жил мал маллаж буй хүний хувьд зөвлөхөд өвлийн бэлтгэлээ хавар ногоо ургахаас эхлэн хангах буюу яргуй, таана зэрэг ургамал сайн илдүүлж, тарга хүчийг авахуулсаар байгаад өвөлтэй золгох хэрэгтэй.
Мөн эртхэн шиг үс ноосноос нь салгаж , аль болох олон нүүж бэлчээр сэлгэж байх нь чухал. Нэг газраа малаа байнга бэлчээх нь бэлчээр малын хөлд дарагдаад өвс ургамал чанаргүй, шим тэжээлгүй болчихдог. Сард 3-4 нүүхэд илүүдэхгүй. Заавал хол нүүх шаардлагагүй. Хотны бууц, өтөгт байнга хэвтүүлэхгүй, бэлчээр ойр ойрхон хэвтрийг нь сэлгэвэл мал сэргэлэн байна. Өвлийн бэлтгэлийн хамгийн чухал нь өвөлжөөний газар мал оруулахгүй байх буюу бэлчээрээхамгаалах явдал юм.
Мөн малаа тогтсон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт оруулж эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч, эрүүл ахуйг хангаж байх нь зүйтэй. Манайх Бог малд гэхэд цагаан хорхойн туулга хийлгэж, карлинд оруулна, дотрын хордлогын тарилгад тогтмол хамруулдаг. Бод малд шүлхий, дуут хавдар, боом зэрэг өвчний тарилгыг малынхаа эмчээр хийлгэдэг. Сүүлийн үед манайх олон төрлийн витамин, хужир, давс агуулсан “Долоос” гэх бэлдмэл авч малдаа долоолгож байна. Үүнийг авч малд долоолговол эрдэс бодис, витамины дутагдалд орохгүй. Хужир сайтай газар нутагладаг бол хужир сайн өгөх хэрэгтэй. Хужир бол малын биед хамгийн сайн эрдэс болдог тул хужир малд таргалахад ташуур, турахад тушаа гэдэг байхгүй юу.