Би 1992 оноос хойш 28 жил мал маллаж байна. Манайх хонь голдуу малладаг. Намайг нэгдүгээр ангид байхад аав маань, долоодугаар ангид байхад ээж маань маань бурхан болсон. Тэр цагаас хойш малаа түшиж, малынхаа буянд өдий зэрэгтэй явж байна даа. Малыг хайрлаж чаддаг, малд нүдтэй хүний мал өсдөг. Манайх 1800 бог, 300-аад бод малтай. Хавар болохоор бид 3 туслах малчин цалинжуулж ажиллуулдаг одоо бол нэг л хүн цалинжуулж байна. Сүүлийн үед малчин залуус малаа хариулан, дагаж маллах нь эрс багасаж, мотоциклоор хариулах нь ихэссэн. Хааяа нэг адуу маландаа явахдаа явахдаа, ажил төрлөө түргэн амжуулахад мотоцикл унаад ухас хийхэд хурдан нь сайн талтай. Мотоциклоор элдэн хөөсөн мал айж сандарч, аахилж яаж тайван идээшиж чадах вэ дээ.
Ингэснээр маллагаа эрс суларч, мал эзгүйдэж байгаагаас малын хулгайч нарт боломж өгч байна. Мөн малаа мотоциклоор хариулбал дугуй нь өвсний үндэс, хөрсийг гэмтээж, хорхой шавжийг устгаж цаашлаад бэлчээр хомсдоход хүргэж байна. Манайх малаа голдуу мориороо, тайван хариулдаг.
Малын эрүүл мэндийн хувьд малын эмчтэй байнга холбоотой байж, эм тариаг хугацаандаа хийлгэдэг. Манай багийн эмч тарилгаа өөрөө ирээд хийдэг. Мөн хувиараа хийдэг угаалга болоод бусад эм бэлдмэлээ малын эмчид захиалаад өөрсдөө хийдэг. Энэ дашрамд Хөвсгөл аймгийн мал эмнэлгийн 4-р баг хариуцсан малын эмч Эрдэнэ-цэцэг, мөн малчин сувгаар малчин биднийг зөвлөгөө, мэдээллээр үргэлж хангадаг малын их эмч Б. Пүрэвцэрэнд баярлаж талархдагаа илэрхийлмээр байна. Утсаар залгаж зөвлөгөө авахаар төвөгшөөхгүй, маш сайн зөвлөгөө өгдөг шүү.