БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ

Д.Зинамядар
ТГХ-н дарга, Дарга

Мал эмнэлгийн дундын хоршооны тулгийн чулууг тавилцсан, түүхийг бичилцсэн өнөөдрийн бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж буй үндсэн болон идэвхтэн гишүүд, тэргүүлэгчид, гүйцэтгэх албаны ажилтнууд та бүгдэд энэхүү цахим хуудсаар дамжуулан чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь амжилт амьдралд нь аз жаргалыг хүсэн ерөөе.

Манай дундын хоршоо маань үүсгэн байгуулагдаад өдгөө 9 жилийг ардаа үджээ. Аливаа байгууллагын хувьд 9 жил гэдэг урт хугацаа биш ч гишүүддээ хуваарилах ашиг хараат бус тэнцвэртэй, ТУЗ, чадварлаг удирдлагын баг, сайн засаглалын зарчмуудыг байгууллагын соёл, үзэл баримтлалдаа шингээсэн, хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй, шинийг санаачлагч хамт олны хувьд их зүйлийг амжуулж чадах хугацаа билээ.

Тус дундын хоршоо маань үүсгэн байгуулагдсанаас хойш олон зуун гишүүдийг эгнээндээ нэгтгэн тэдгээрийн мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулахад бодит дэмжлэг болсон төдийгүй малчид малын эмч нарт хоршооны тухай мэдлэг, мэдээлэл түгээх, бусад аж ахуй нэгжид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, малын эмч нарын дунд тэмцээн уралдаан, аялал зугаалга, амралт, төсөл хөтөлбөр, хурал цуглаан зэргийг жил бүр тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ.

Жил ирэх тусам хоршооны үйл ажиллагаа тэлж хамтран ажиллах байгууллага салбарын хүрээлэл ч түүнийг даган нэмэгдэж байна. Тухайлбал  ХХААХҮЯам, МЭЕГазар, БХЯам гээд олон газруудтай хамтарч төсөл хөтөлбөрт оролцож үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлсээр байгаа нь манай хоршооны нийгэмд эзлэх байр суурийг улам бататгаж байна гэж үзэж болно.

Мэдээллийн технологи хөгжиж бүх зүйл цахимжиж байгаа энэ цаг үед бид ч мөн адил цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж фейсбүүк, цахим хуудсаар дамжуулан малын эмч малчдад мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэхийг эрхэмлэн ажиллаж байна.

Малын эрүүл мэндийн төлөө бие сэтгэлээ зориулах үйлс бүхэн дэлгэрэх болтугай.